Аргентины ерөнхийлөгч Хавиер Милэй 2024 оны ДЭЗЧ-д хэлсэн үг: Өрнөдийн ертөнц аюулд оржээ.
Өдрийн мэнд.
Та бүхэнд маш их баярлалаа.
Өнөөдөр энд би Өрнөдийн ертөнц аюулд орсныг хэлэхээр ирэв. Өрнөдийн ертөнцийн үнэт зүйлсийг хамгаалах учиртай тэр хүмүүс гарцаагүй социализм рүү, үүнээс улбаалаад ядууралд хүргэх ертөнцийг үзэх үзэлд автсанаас аюулд оржээ.
Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилийн туршид Өрнөдийн ертөнцийн гол удирдагчид бидний хамтач үзэл буюу коллективизм гэж хэлдэг зүйлийн янз бүрийн хэлбэрийн төлөө эрх чөлөөний загвараасаа татгалзаж ирсэн. Зарим нь бусдад туслахыг хүссэн сайн санаат хувь хүмүүсийн ятгалганд, үлдсэн нь давуу эрхтэй анги буюу кастад хамаатай байх хүсэлд автсан байлаа.
Бид энд хамтач ёсны туршилт дэлхийн иргэдийг зовоож буй асуудлын шийдэл хэзээ ч байдаггүй харин илүүтэй үүний шалтгаан байдгийг хэлэхээр ирлээ. Надад итгээрэй, энэ хоёр санааны хамгийн сайн гэрч Аргентинчүүд биднээс өөр байхгүй шүү.
Эрх чөлөөний загварыг өөриймшүүлж авснаас гучин таван жилийн хойно тэртээ 1860 онд бид дэлхийн тэргүүлэх гүрэн болж байв. Дараагийн 100 жил хөгжиж урагшлах үеэрээ хамтач ёсыг сэтгэл догдлон хүлээн авснаар бид иргэд маань зүйтогтолтойгоор ядуурч эхлээд, бүр дэлхийн 140-р байр руу унаснаа мэднэ.
Гэвч энэ бүхнийг өгүүлэхээсээ өмнө эхлээд яагаад чөлөөт аж ахуйн капитализм дэлхийн ядуурлыг үгүй хийх цор ганц байж болох тогтолцоо байхаад зогсохгүй мөн түүнд хүрэх ёс суртахууны хувьд хүсүүштэй цор ганц тогтолцоо болохыг дэлгэж харуулсан өгөгдлийг харах хэрэгтэй байна.
Хэрэв бид эдийн засгийн хөгжил дэвшлийн түүхийг харвал ойролцоогоор 0-1800 оны хооронд дэлхийн нэг хүнд ногдох ДНБ энд эшлэсэн хугацааны туршид ерөөсөө өөрчлөгдөөгүй болохыг харах боломжтой.
Хэрэв хүмүн төрөлхтөний түүхийн туршид гарсан эдийн засгийн хувьсал хөгжлийн графикийг харвал та нар хугацааны 90%-д нь тогтуун байгаад 19-р зуунаас эхлэн маш огцом өсч буй хоккейн цохиур-маягтай график харах болно.
Зогсонги байдлын энэ түүхэн мөчлөгт 15-р зуунд Америк тивийг нээсэнтэй холбоотой цор ганц өсөлт гарсан бөгөөд үүнээс бусдаар 0-1800 оны хоорондохь нийт хугацаанд дэлхийн нэг хүнд ногдох ДНБ зогсонги байдалтай байжээ.
Тэгвэл капитализмыг эдийн засгийн тогтолцоо болгож хүлээн авсан мөчөөс хойш эд баялаг бялхаж эхлээд зогсохгүй энэ өгөгдөл рүү харвал энэ өсөлт одоо ч гэсэн нийт хугацаанд хурдасан нэмэгдсээр байгааг харах болно.
Мөн 0-1800 оны хоорондохь нийт хугацааны туршид нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийн хэмжээ ойролцоогоор жилийн 0.02%-тай байсаар байжээ. Бараг л өсөлтгүй байв. Тэгээд 19-р зуунаас эхлэн Үйлдвэрлэлийн Хувьсгал гарах үед өсөлтийн нийлбэр хэмжээ 0.66% байсан. Энэ хэмжээгээр хөгжвөл нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин нэмэгдэхэд бараг л 107 жил шаардлагатай.
Одоо тэгвэл 1900-гаас 1950 оны хоорондохь хугацааг харвал өсөлтийн хэмжээ жилийн 1.66% болтлоо хурдассан байна. Тиймээс нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин өсөхөд 107 жил хэрэггүй харин 66 жил шаардагдах болов. Хэрэв 1950-аас 2000 оны хоорондохь хугацааг үзвэл та нар өсөлтийн хэмжээ 2.1% байсныг харах бөгөөд энэ нь зөвхөн 33 жилийн хугацаанд дэлхийн нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин өсөх боломжтой байсан гэсэн үг юм.
Энэхүү ерөнхий хандлага зогсох яагаа ч үгүй, өнөөдөр ч хурдтай хэвээр байна. Хэрэв бид 2000-аас 2023 оны хоорондохь хугацааг харвал энэхүү өсөлтийн хэмжээ жилийн 3% болж хурдассан байх бөгөөд энэ нь бид дэлхийн нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 23 жилд хоёр дахин өсгөх боломжтой гэсэн үг билээ.
Тэгвэл 1800-аас өнөөдөр хүртэлх хугацааны нэг хүнд ногдох ДНБ-ийг харвал Үйлдвэрлэлийн Хувьсгалаас хойш дэлхий-дэхний нэг хүн ногдох ДНБ 15 дахин өссөн болохыг, дэлхийн хэмжээнд хүн амын 90%-ийг ядуурлаас гаргасан огцом өсөлт энд гарчээ.
Бид 1800 оны үест дэлхийн хүн амын ойролцоогоор 95% үгээгүй ядуу амьдарч байсныг санах ёстой шүү. Энэ тоон утга цар тахлын өмнө 2020 он гэхэд 5% болж буурсан. Гарах дүгнэлт ойлгомжтой биш үү.
Эдийн засгийн тогтолцоо болохынхоо хувьд чөлөөт худалдааны капитализм бидний зовлон бэрхшээлийн шалтгаан ерөөсөө биш. Энэ бол манай гараг даяар өлсгөлөн, ядуурал, үгээгүй ядуурлыг үгүй хийхэд бидэнд байгаа цор ганц арга хэрэгсэл юм. Туршилтаар батлагдсан нотолгоонд эргэлзэх арга алга.
Тийм учраас нэгэнт чөлөөт аж ахуйн капитализм бүтээлч байдлаараа хамгийн сайн гэдэгт эргэлзэх хэрэггүй тул зүүн-жигүүрийн докса буюу нийтэд таалагддаг муу санаатнууд л ёс суртахууны хэрэг явдал гэх зүйлийг эшлэнгээ энэ бол муу санаатнууд шаарддаг зүйл гэж түүн рүү дайрах нь шударга бус хэрэг. Тэд капитализм бол энэ нь хувь хүнийг дээдэлдэг учраас муу зүйл, харин хамтач ёс бусдын төлөө золиос гаргахыг дэмждэг тул сайн зүйл гэж хэлдэг. Мэдээжээр тэд бусдын мөнгөөр л үүнийгээ гүйцэлдүүлнэ.
Тиймээс л тэд нийгмийн шударга ёсыг өмгөөлж хамгаалцгаадаг. Гэвч сүүлийн үед хөгжингүй улсын хүмүүст ихэд таалагддаг болсон энэ концепц манай улсыг 80 гаруй жилийн хугацаанд улстөрийн яриа хэлэлцүүлэгт байнгын сэдэв болсоор байна. Асуудлын гол нь нийгмийн шударга ёс бол шударга бус зүйл байдаг, мөн бүх нийтийн сайн сайхан байдалд энэ нь хувь нэмэр оруулдаггүй явдал юм.
Бүр эсрэгээрээ нийгмийн шударга ёс харгис хэрцгий учраас энэ бол цаанаасаа л шударга бус зүйл билээ. Төрийг татвараар дамжуулан санхүүжүүлдэг, татварыг албадлага ашиглаж цуглуулдаг учраас энэ үзэл шударга бус зүйл. Эсвэл хэн нэг хүн биднийг татвараа сайн дураараа төлдөг гэж хэлж чадах уу? Энэ нь төрийг албадлага ашиглаж санхүүжүүлдэг, татварын ачаалал их байх тусам энэ албадлага улам их байдаг, бас эрх чөлөөг хумьдаг гэсэн үг юм.
Нийгмийн шударга ёсыг дэмждэг хүн нийт эдийн засаг бол өөр өөр хувь хэмжээгээр хуваах боломжтой бялуу юм гэсэн үзэл санаанаас ажлаа эхэлдэг. Гэвч энэ бялуу бэлэн байдаг зүйл биш. Энэ бол Израэл Кирцнер жишээлбэл зах зээлийн олж нээх үйл явц гэж нэрлэсэн үйл явцаар бий болгодог эд баялаг юм.
Хэрэв бизнесийн байгууллагаас санал болгож буй бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хүмүүс хүсэхгүй байвал тэр бизнес зах зээлийн шаардаж буй зүйлд дасан зохицохгүй бол дампуурах болно. Хэрэв тэд хүн татах үнээр сайн чанартай бүтээгдэхүүн хийвэл энэ бизнес амжилт олж, улам ихийг үйлдвэрлэх болно. Тиймээс зах зээл бол капиталистууд буюу хөрөнгөтнүүд урагшлах замдаа зөв зам олох олж нээх үйл явц юм.
Гэвч хэрэв төр хөрөнгөтнүүдийг амжилт гаргахад нь шийтгэж, олж нээх үйл явцад нь саад болбол тэд санаачилгагүй болж, улам л бага зүйл бүтээнэ.
Өнөө бялуу улам л бага болно, ингэснээр нийт нийгэм хохирно. Эдгээр олж нээх үйл явцыг дарж хорин, нээлтүүдийг нь өөриймшүүлэх авах явдлыг саатуулах замаар коллектизм буюу хамтач ёс эцэст нь ажил хэрэгч хүмүүсийн гарыг нь хүлж, илүү сайн үнээр илүү сайн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ санал болгох аргагүй болгодог.
Тиймээс яагаад шинжлэх ухааныхан, олон-улсын байгууллагууд, эдийн засгийн онолчид, улстөрчид дэлхийн хүн амын 90%-ийг үгээгүй ядуугаас гаргаад зогсохгүй одоо ч үүнийгээ үргэлжлүүлэн улам л хурдтай хийж буй эдийн засгийн тогтолцоог чөтгөр шулам болгож муушаадаг болчихов оо?
Чөлөөт худалдааны капитализмд талархцгаая, дэлхий ертөнц одоо хамгийн сайхан үедээ явж байна. Хүн төрөлхтөний эсвэл хүмүн төрөлтний бүх түүхэнд хэзээ ч өнөөдөр шиг хөгжил цэцэглэлтийн цаг үе байсангүй. Бүх зүйлийн хувьд энэ байдал үнэн билээ. Илүү их эрх чөлөөтэй болсон дэлхий ертөнц баян, илүү эв найртай, цэцэглэн хөгжжээ. Энэ байдал ялангуяа эдийн засгийн илүү их эрх чөлөөтэй, хувь хүмүүсийн өмчийн эрхийг хүндэлдэг улс орнуудын хувьд үнэн байдаг.
Илүү их эрх чөлөөтэй улс орнууд иргэдээ дарангуйлдаг улсуудаасаа 12 дахин баян байдаг. Чөлөөт улсуудын хамгийн ядуу амьдардаг хүмүүс иргэдээ дарангуйлдаг улсуудын хүн амыг бодвол 90%-аар илүү сайхан амьдардаг. Ядуурал 25 дахин бага, харин үгээгүй ядуус 50 дахин бага байдаг. Иргэдээ дарангуйлуулдаг улсуудын иргэдээс чөлөөт улсуудын иргэд 25%-аар илүү урт насалдаг.
Одоо бид либертарианизмийн тухай ярихдаа юуны талаар өгүүлдэг гээч? Надад Аргентин дахь эрх чөлөөний талбарын хамгийн нэр хүндтэй хүн, “либертарианизм бол амьдрах эрх, эрх чөлөө, өмчөө хамгаалахдаа түрэмгийлэл үл ашиглах зарчимд үндэслэж бусад хүмүүсийн амьдрах аргыг хязгааргүй хүндлэх явдал юм” гэж хэлсэн Профессор залуу Алберто Бенегас Линчийг үгийг эшлэхийг минь зөвшөөрнө үү.
Либертарианизмийн суурь инститүцүүд бол хувийн өмч, төрийн интервенцээс ангид орших зах зээл, чөлөөт өрсөлдөөн, хөдөлмөрийн хуваарь, бусад хүнд хамгийн сайн чанартай эсвэл хамгийн сайн үнээр бүтээгдэхүүн зөвхөн нийлүүлэх замаар амжилтад хүрдэг нийгмийн хамтын ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл бизнес амжилттай эрхэлдэг хүмүүс болох хөрөнгөтнүүд бүх нийтийн сайн сайхан байдалд нэмэр болдог, бусдын эд хөрөнгийг булаан авдаггүй, нийгмийн сайн үйлстэн билээ. Эцсийн эцэст амжилттай яваа ажил хэрэгч хүн бол баатар юм.
Энэ бол Аргентины ирээдүйн төлөө бидний өмгөөлж хамгаалж буй хөгжлийн загвар билээ. Энэ загвар либертарианизмын суурь зарчмууд дээр үндэслэдэг. Эдгээр зарчим бол амь нас, эрх чөлөө, өмчөө хамгаалах юм.
Хэрэв чөлөөтэй аж ахуй эрхлэх, капитализм, эдийн засгийн эрх чөлөө дэлхийн ядуурлыг үгүй хийх хамгийн гаргуун арга хэрэгсэл болохоо баталсан юм бол, бас бид хүмүний түүхийн хамгийн сайхан цаг үед байгаа юм бол би Өрнөдийн ертөнц яагаад асуудалд орсон гэж хэлснийг минь асуух хэрэгтэй бус уу.
Чөлөөт зах зээл, хувийн өмч, либертарианизмийн бусад инститүцийн үнэт зүйлсийг хамгаалах ёстой улсуудад улстөрийн болон эдийн засгийн салбар либертарианизмын суурийг ганхуулж, магадгүй бидний ядуурал, зовлон зүдгүүр, зогсонги байдалд буруутгаж социализмд үүд хаалга нээн өгч байгаа учраас л би яг ингэж хэлсэн юм.
Социализм түүнийг туршиж үзсэн бүх улсдаа бүтэлгүйтсэн, үргэлж, хаа сайгүй үгүйрүүлж ядууруулдаг үзэгдэл байсныг хэзээ ч мартах учиргүй. Энэ нь эдийн засгийн хувьд, нийгмийн хүрээнд, соёлын тухайд ч бүтэлгүйсэн бөгөөд 100 гаруй сая хүмүн төрөлтнийг мөн хядсан.
Өнөөгийн Өрнөдийнхний гол асуудал бол бүр Берлиний Хана нурсны дараа ч, бас туршилтын дарж булзааруулах аргагүй нотолгоо байхад ч, үгүйрүүлж ядууруулдаг социализмыг үргэлжлүүлэн өмгөөлж хамгаалсаар байгаа тэр хүмүүстэй барьцалдаж тэмцэлдэх хэрэгтэй байгаа явдал зөвхөн биш.
Гэвч мөн алдаатай онолын бүтцэд итгэж найдсан бидний удирдагчид, сэтгэгчид, шинжлэх ухааныхан бидний түүхэнд эд баялаг, хөгжил цэцэглэлтийг асар ихээр нэмэгдүүлсэн тогтолцооны суурь зүйлсийг ганхуулж байна.
Энэ бол өөрсдөө хүсээгүй ч эсвэл ингэнэ гэж бодоогүй ч төрийн интервенц, социализм, нийгмийн ялзралд үйлчилсээр төгсөж мөхөх арга хэрэгслийн бүрдлийг зохиомжилж гаргадаг, эдийн засгийн Неоклассик онол гэж миний хэлдэг онолын суурь юм.
Неоклассикчуудын зовлон бол тэдний дурласан загвар бодит амьдралтай таардаггүй, мөн уг загварынхаа бүтцийг нягталж шалгахын оронд өөрсдийнхөө алдааг зах зээлийн бүтэлгүйтэл гэх зүйл рүү чихдэг явдал юм.
Зах зээлийн бүтэлгүйтэл гэх шалтгаар зохицуулалт дүрэм журам гаргана. Эдгээр дүрэм журам үнийн тогтолцоонд гажуудал үүсгэнэ, эдийн засгийн тооцоолол хийх аргагүй болгоно, үүнээс улбаалаад мөн хадгаламж, хөрөнгө оруулалт, өсөлтийг саатуулна.
Хэрэв тэд үүнийг ойлгодог байсан бол зах зээлийн бүтэлгүйтэл гэх тийм зүйл байхгүй гэдгийг түргэн ойлгох байсан учраас либертари эдийн засагч гэх хүмүүс ч зах зээл гэж юу болохыг ухаараагүй байгаа бодит байдалд л энэхүү асуудал голчлон оршдог.
Зах зээл зүгээр л эрэлт нийлүүлэлтийг харуулдаг график биш. Зах зээл бол өмчлөлийнхөө эрхийг сайн дураараа солилцдог, нийгмийн хамтын ажиллагааны механизм юм. Тийм учраас энэ тодорхойлолтод үндэслэвэл зах зээлийн бүтэлгүйтлийн тухай ярих нь дотоод зөрчилтэй зүйл буюу оксиморон ажээ (шатаж буй цас гэдэг шиг). Зах зээлийн бүтэлгүйтэл гэх зүйл байдаггүй.
Хэрэв хэлцэл сайн дурынх байдаг бол зах зээлийн бүтэлгүйтэл байх боломжтой цор ганц контекст албадлага л тэнд байх явдал байдаг бөгөөд харин хүчирхийллийг дарах монополь эрхтэй төр л бүх нийтийг албадах боломжтой цор ганц зүйл байдаг.
Үүнээс үүдээд хэрэв хэн нэгэн зах зээлийн бүтэлгүйтэл байдаг гэж үзэж буй бол би тэдэнд тэнд нь төрийн интервенц байсан эсэхийг нягталж харахыг санал болгомоор байна. Хэрэв тэд ийм зүйл байхгүй байгаа гэдгийг олж мэдвэл энэ мэдээж алдаа учраас би тэдэнд дахин үүнийг нягталж үзэх санал тавина. Зах зээл бүтэлгүйтнэ гэж байдаггүй.
Неоклассик үзэлтнүүдийн тайлбарладаг зах зээлийн бүтэлгүйтэл гэх зүйлийн жишээ бол эдийн засгийн бөөгнөрсөн бүтэц юм. 1800 оноос хойш хүн ам 8 эсвэл 9 дахин өссөн бол нэг хүнд ногдох ДНБ 15 дахин нэмэгдсэн тул мөн л хүн амын орлого үгээгүй ядуу байдлыг 95%-аас 5% хувь болоход өсчээ.
Гэвч нэмэгдэж буй орлого байх явдалд бөөгнөрсөн бүтэц оролцдог. Бид энэ бүтцийг монополь гэж нэрлэдэг. Тэгвэл Неоклассик онолын хувьд маш их элбэг дэлбэг байдлыг үүсгэсэн ямар нэг зүйл зах зээлийн бүтэлгүйтэл болчихдог юм бол оо?
Неоклассик үзэлтэй эдийн засагчид гажиг сэтгэдэг. Загвар тань бүтэлгүйтэхэд та нар бодит байдалд уураа гаргах гэлгүйгээр харин илүүтэй загвартаа үүнээ гаргаж, түүнийгээ солих ёстой. Неоклассик загвар нүүр тулдаг хэцүү сонголт бол бүтэлгүйтэл гэж үздэг зүйл рүү дайрч давшлах замаар зах зээлийн фүнкцийг төгс болгохыг хүсдэг гэж тэд хэлдэг явдал юм. Гэвч ингэж үйлдэх үеэрээ тэд социализмд ч үүдээ нээгээд зогсохгүй бас эдийн засгийн өсөлтийн эсрэг явдаг.
Жишээлбэл монополийг зохицуулалттай болгох, тэдгээрийн ашгийг үгүй хийж, өсч буй орлогыг устгах нь шууд л эдийн засгийн өсөлтийг үгүй хийнэ.
Гэвч төрийн интервенц хортой гэдгийг онолын хувьд дэлгэн үзүүлж, мөн эмпирик нотолгоо ч ийм болохыг нь харуулсан бөгөөд коллективистууд буюу хамтач үзэлтнүүдийн санал болгосон шийдэл эрх чөлөөг илүү их болгодоггүй харин илүүтэй зохицуулалт дүрэм журмыг улам их болгодог. Эдгээр олширсон зохицуулалтаас бид бүгдийг улам л ядууруулж, тансаг албан байранд суугчдаас бидний амьдрал хамаардаг болох хүртэл уруудан доройтох эргүүлгэ зам бий болно.
Хамтач ёсны загварууд унхиагүйгээр бүтэлгүйтсэн, чөлөөт ертөнц маргах аргагүй урагшилж хөгжсөн явдлаас болж социалистууд ярианыхаа сэдвээ өөрчлөхөөс аргагүй болжээ: тэд эдийн засгийн тогтолцоонд суурилсан ангийн тэмцлийн тухай сэдвээ хаяж, үүнийгээ амьдралд мөн эдийн засагт ч хор хохиролтой байдаг, нийгмийн зөрчилдөөн гэх зүйлээр солив.
Эдгээр шинэ тэмцэл мөргөлдөөний эхнийх нь эр эм хүмүүсийн хоорондохь инээдтэй, жам ёсны бус хэрүүл тэмцэл байсан. Либертарианизм аль хэдийнээ хүйсийн тэгш байдлыг хүмүүст өгсөн. Бидний итгэл үнэмшлийн тулгын чулуу бол бүх хүнийг бүтээхдээ тэдэнд адилхан хандсан, бид бүгдээрээ Бүтээгч бидэнд өгсөн салшгүй эрхтэй, үүн дотроо амьдран суух, эрх чөлөө, өмчлөлийн эрхтэй байдаг явдал юм.
Радикал феминизмийн тухай бүх яриа нийгэмд ямар ч нэмэргүй захиргаадалтын ажилтнуудад ажил гарган өгч, эдийн засгийн үйл явцыг зогсоож саатуулах төр засгийн интервенц буюу хөндлөнгөөс оролцох явдлыг л асар их болгосон. Эдгээрийн жишээ бол эмэгтэйчүүдийн яамд эсвэл энэхүү ярианы сэдвээ тэтгэхэд зориулж байгуулсан олон-улсын байгууллагууд билээ.
Социалистуудаас гаргаж ирсэн өөр нэг хэрүүл тэмцэл бол хүмүн төрөлхтөн дэлхийгээ сүйрүүлж байгаа тул түүнийгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой, бүр хүн амын өсөлтийг хянах эсвэл аборт буюу үр хөндөх явдлыг өмгөөлж хамгаалан, байгалийн эсрэг хүмүн төрөлхтөнийг сөргөлдүүлдэг явдал юм.
Харамсалтай нь эдгээр хөнөөлтэй үзэл санаа нийгэмд маань бат суурьтай үндэслэжээ. Нео-Марксистууд хэвлэл мэдээлэл, соёл, их сургуулиуд, олон-улсын байгууллагуудыг эзлэн сууж Өрнөдийн ертөнцийн эрүүл ухааныг өөртөө урвуулж чадсан байна.
Дээрхээс олон-улсын байгууллагад эзэн суусан явдал хамгийн ноцтой хэрэг. Учир нь энэ инститүцүүд гишүүн улсуудынхаа улстөрийн ч, эдийн засгийн ч шийдвэрт асар их нөлөөтэй байдаг.
Аз болоход бидний улам л олон хүн өөрсдийн дуу хоолойг бусдад сонсгохоор зориглон хөдөлж байна. Учир нь эдгээр үзэл санаатай жинхэнээсээ, зоримог тэмцэхгүй бол төрийн зохицуулалтын улам бүр өсөх, социализмд амьдрах, ядуурах, эрх чөлөөтэй багатай болох, үүнээс улбаалаад амьжиргааны төвшин буурах л цор ганц тавилантай л бид учрах болно.
Гай болоход Өрнөдийнхөн энэ замаар аль хэдийнээ яваад эхлэчихжээ. Олон хүнд Өрнөд социализм руу явж байна гэж хэлэхэд инээдтэй санагдаж болох ч социализм бол төр үйлдвэрлэлийн арга хэрэгслийг өмчилдөг эдийн засгийн тогтолцоо юм гэдэг түүний тухай эдийн засгийн тодорхойлолтоор л энэ яриаг хязгаарлавал жинхэнээсээ инээдтэй хэрэг гэдгийг би мэдэж байна. Миний бодлоор энэ тодорхойлолтыг өнөөгийн нөхцөл байдлыг тусгаж сайжруулах ёстой.
Өнөөдөр төр хувь хүний амьдралыг бүх байдлыг хянахын тулд үйлдвэрлэлийн хэрэгслийг шууд хянах хэрэгцээгүй болсон. Мөнгө хэвлэх, өр тавих, татаас өгөх, хүүгийн хэмжээ тогтоох, үнийг хянах, зах зээлийн бүтэлгүйтлийг засах гэсэн зохицуулалт хийх зэрэг арга хэрэгслээр төр сая сая хувь хүний амьдрал, хувь тавиланг xянаж цагдаж чадна.
Өрнөдийн ихэнхи улсуудад ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн идеологийн нилээд хэсэг янз бүрийн нэг эсвэл баг ашиглаж буй коллективист буюу хамтач ёсны хувилбарууд байдаг бөгөөд тэд нэг бол ил цагаанаар коммунист, фашист, социалист, ардчилсан социалист/социал демократ, үндэсний социалист, Христийн ардчилагчид, нео-Кейнесчүүд, прогрессивчууд, популистууд, үндэсний үзэлтнүүд/националистууд эсвэл глобалистууд гэж өөрсдийгөө зарлацгаана.
Эдний дунд нэг их том ялгаа гай болж байдаггүй. Тэд бүгд зүйл хувь хүмүүсийн амьдралыг бүх байдлыг төр удирдан залах ёстой гэж хэлдэг. Эд бүгдээрээ хүмүн төрөлхтөнийг түүхийнхээ хамгийн ер бусын хөгжил дэвшил рүү нь хөтөлсөн тэр зүйлсийн эсрэг загваруудыг хамгаалдаг.
Бид өнөөдөр энд Өрнөдийн ертөнцийг хөгжил цэцэглэлтийнхээ зам руу буцан орно уу гэж урихаар гэж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө, хязгаарлагдмал-эрх мэдэл төр засаг, хувийн өмчийг хязгааргүйгээр хүндлэх явдал бол эдийн засаг өсөх амин чухал зүйлс юм. Хамтач ёсноос үүсэх ядуу зүдүү байдал зөгнөл биш бас зугтаах аргагүй тавилан ч биш. Энэ бол Аргентинчууд бидний маш сайн мэдэх бодит байдал билээ.
Бид энэ бүхнийг туулж байна. Би өмнө нь хэлсэнчлэн бидний баян болгосон эрх чөлөөний загвараасаа татгалзахаар шийдсэнээсээ хойш бид уруудан доройтон эргүүлэгт орсон – энэ уруудаж мууддаг эргүүлэг бидний өдрөөс өдөрт улам л ядуу болгодог.
Энэ зүйл бидний туулж өнгөрүүлж буй амьдрал, бид та бүхэнд хэрэв эрх чөлөөний загвараар баян болсон Өрнөдийн ертөнцийн улсууд боолчлолын энэ замаар явсаар байвал тохиолдох гайг сануулахаар ирэв.
Аргентины жишээ бол та бүхэн хэр баян байж болох, байгалийн баялаг хэр ихтэй байж болох, хүн ам чинь хэр чадварлаг байж болох, хэр боловсролтой, эсвэл төв банкандаа хэр их алтан гулдмайтай байж болохоос шалтгаалахгүйгээр, хэрэв зах зээл, өрсөлдөөн, үнийн тогтолцоо, арилжаа худалдаа, хувийн өмчийн өмчлөл чөлөөтэй ажиллах явдлыг саатуулж хорьдог арга хэмжээг авч хэрэгжүүлбэл ядуурал гэсэн цор ганц тавилан л угтана.
Тиймээс л би эцэст нь энд байгаа, мөн биеэрээ ирж чадаагүй ч дэлхий даяар биднийг харж буй бизнесийн бүх хүмүүст хэлэх үг байна.
Төрөөс сордог улстөрийн каст эсвэл паразитуудаас бүү айхтун. Эрх мэдэлтэй үлдэх, давуу эрх олж авах гэж л хүсдэг улстөрийн ангийнханд бүү бууж өгөхтүн. Та нар нийгмийн буянтнууд. Та нар баатрууд. Та нар бидний хэзээ ч үзэж байгаагүй хамгийн ер бусын хөгжил цэцэглэлтийн үеийг бүтээгчид.
Та бүхний амбиц буюу алсын бодлыг ёс суртахуунгүй гэж хэн ч бүү загнаг. Хэрэв та бүхэн мөнгө олж буй бол та нар хамгийн хямдаар хамгийн сайн бүтээгдэхүүн санал болгож буй, үүнээс улбаалаад бүх нийтийг тав тухтай болгож буй учраас тэр билээ.
Төрийн дайралтад бүү бууж өгөхтүн. Төр бол шийдэл биш. Төр өөрөө зовлон. Энэ түүхийг жинхэнэ хошуучлан бүтээгчдээ өнөөдрөөс эхлэн хойшид Аргентин улс та бүхний үнэнч, жинхэнэ холбоотон байна гэдэгт бат итгээрэй.
Та бүхэн маш их баярлалаа. Эрх чөлөө мөнх оршиг. Новш гэж!
VIVA LA LIBERTAD CARAJO
LONG LIVE FUCKING LIBERTY
Доорхи линкээс англи текстийг нь авав.
https://www.eurasiareview.com/18012024-speech-of-argentinas-president-javier-milei-at-davos-transcript/
Үзэл бодлын чөлөөт хэлэлцүүлгийн талбар болох болтугай гэж ерөөе.
Аливаа түрэмгий байдал, хүчирхийлэл, доромжлолыг үл зөвшөөрнө.