Зорилго...
Номын энэ онлайн өргөөг хувь хүний эрх чөлөөг эрхэмлэгч, хувийн өмчийг дээдлэгч, хууль ёсыг дагагч хүмүүст зориулан бүтээлээ. Энд либерализмын үзэл санаа, капитализм, чөлөөт зах зээл, хууль ёс гэж юу болох тухай ном, нийтлэл уншиж, ухаарац мэдлэгээ баяжуулах онлайн эх сурвалжуудын линкийг тавих болно. Сонирхсон хүн бүр татан авч дураараа хэрэглэж болохоор ном, нийтлэлээ тавина. Дээр дурдсан бүгдийг чухалчилж үздэг идеологийн тухай илүү ихийг хүн бүр ухаарч мэдээсэй гэсэн сэтгэлээр энэ өргөөг ажиллуулах болно.
Намайг Жаргал гэдэг. Би эрх чөлөөт хувь хүн байхыг хүсдэг. Гагцхүү хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг сахин хамгаалдаг хууль ёс бүхий, хувь хүмүүс ямар нэг албадлагагүйгээр хоорондоо хамтран ажилладаг, өөрөө-тогтдог чөлөөт нийгэм манай Монгол улсад хүчирхэгжиж мандаасай гэж мөрөөддөг билээ. Би социализмын үед төрж, сургууль сурч хүүхэд насаа өнгөрүүлсэн ч яагаад бидний эх нутаг маань ийм ядуу тарчиг дорой хөгжилтэй байсаар ирсний учир шалтгааныг олохыг хүссэн эрэл энэхүү идеологийг шимтэн судлах, бишрэн бахдахад хүргэсэн билээ. Энэ идеологийн талаар дөнгөж сурч мэдэж эхлэж байгаа тул энд бичсэн зүйлс маань нь миний л таньж мэдэж ойлгосон гэхдээ эх сурвалжид тулгуурласан, бас энгийн байдлаар өгүүлсэн зүйл байх болно. Та бүхэн санал нийлж ч болно, бас үгүй ч байж болох юм. Энэ өргөөгөө ийм үнэт зүйлс, идеологийг өөрийн ухаарч ойлгож, шинээр сурч мэдснээ өргөн олонд түгээн дэлгэрүүлэх гэж бүтээж, өөрөө хөтлөхөөр боллоо. Энд ганцхан л цензүүр байх нь доромжлох, дайрч давшлах, түрэмгий авирлахыг л үл зөвшөөрнө. Үзэл бодлоо уралдуулах нь харин бүрэн чөлөөтэй.
Үзэл бодлын чөлөөт хэлэлцүүлгийн талбар болох болтугай гэж ерөөе.
Аливаа түрэмгий байдал, хүчирхийлэл, доромжлолыг үл зөвшөөрнө.
“Марксистууд өглөө эртлэн босч ажил хэргээ үргэлжлүүлсээр байна. [Тиймээс] бид бүр эрт босч өөрсдийнхөө эрх чөлөөгөө хамгаалах ёстой.
Marxists get up early in the morning to further their cause. We must get up even earlier to defend our freedom..”
Маргарет Тэтчер
“Мөнгө бол адын зүйл гэж хэлдэг хүнээс даруй түргэн амиа аварч холд. Түүний энэ үг асуй тонуулчид дөтлөн ирж буй чимээ шүү.
“Run for your life from any man who tells you that money is evil. That sentence is the leper's bell of an approaching looter.”
Айн Рэнд